танилцуулга


1931-1961 ОНЫ БУЛГАН СУМ
Булган аймгийн Булган сум нь засаг захиргааны нэгжийн хувьд 1924-1931 онд Булган хан уулын хошуу гэж нэрлэгдэж байгаад 1931 онд улс даяар засаг захиргааны зохион байгуулалтанд өөрчлөлт хийгдэж Богд хан уул аймгийн хойд талын хошуудаар газар тариалангийн аймаг байгуулагдахад Булган хан уулын хошуу нь Сэлэнгэ аймагт харъяалагдан Булган сум болсон байна.
Булган сумын анхны даргаар Орхон, шувуутын голоор нутагтай Гомбо, нарийн  бичгийн даргаар Лхам нар сонгогдон ажиллаж байсан байна. Тухайн үед сумын Засаг захиргааны дээд байгууллага нь Ардын Төлөөлөгчдийн Хурал, түүнээс сумын захиргааг сонгож байгуулдаг байжээ. Суманд МАХН, МХЗЭ болон үйлдвэрчний үүр, бага сургууль, улаан булан /улаан гэр/ байсаны дээр зарц нарын, бурхангүйчүүдийн эвлэлийн үүр хэмээх олон нийтийн байгууллагууд үйл ажиллагаа явуулж байсан байна. 1931-1937 онд Булган сум нь 10 баг, 861 өрх, 70000 гаруй толгой малтай байсан бөгөөд нутгийн хил нь хойд тал нь Хан жаргалант, урд тал нь Шувуутын гол, баруун тал нь Өрөмийн нуур, зүүн тал нь Дундатын гол байв гэж түүхийн бичиг  баримтанд дурдсан байна.
1937 онд Булган аймаг байгуулах тухай БНМАУ-ын СнЗ-ийн 1937 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн тогтоолд “Сэлэнгэ аймгийн Булган сумын төв Булганы хүрээ бол хүн ам олноор хуралдан суурьшиж, барилга байгууламж ихээхэн цогцлон тогтсон, худалдаа аж ахуйн байгууллагууд бөөгнөрсөн улсын болон олон нийтийн байгууллагууд эрдэм соёл, аж ахуйн төв болж буй за… Сэлэнгэ аймгийн баруун захад байх нь уул аймгаас алслагдсан аливаа хэрэгт ихээхэн дөхөмтэй байдал тохиолдсоор буй тул Сэлэнгэ аймгийн баруун талын хэдэн сумдыг тусгайлан нэгэн аймаг болгож мөн аймгийн төвийг Булган сумын газраа суурьшуулах…” нь зүйтэй гэж заажээ. 1938 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Булган аймаг байгуулагдсанаар Ачуут голын хөвөөнд Булган хот сүндэрлэн босох ажил эхэлжээ.
Булган сумын захиргаа нь тамгын толгой дээр байрлаж үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд 1945 онд агуулахын товог дээр шинэ байшинд, 1970-аад оны дундуур банкны хуучин байшин, 1992 оноос аймгийн АДХГ захиргааны хуучин байшинд шилжин байрласан байна.
Булган хотод хамгийн анх 10 телефон, 20 радио цэгтэй утасны хороо, дотоод яамны тусгай хэлтэс, аймгийн яам, гар үйлдвэрийн төлөөлөгч, ус цаг уурын станц, аймгийн клуб зэрэг барилгууд баригджээ.
Булган хотод анхны үйлдвэрийг 1937 онд хар болсон лам нар хөдөлмөрийн багаж хэрэгсэлээ нийгэмчлэн байгуулж байсан байна.
1944 онд номын сан, 1946 онд нүүдлийн киноны цэг, гэрэл зургийн салбар, 1948 онд идэш тэжээлийн комбинат байгуулагдаж 1954 онд албан хаагчдын субботникаар 3000 мод тарьж 1957, 1958 онд бөх, хурдан морь, сур харваач, эцэг малын баримлууд баригдаж одоогийн төв цэцэрлэгт хүрээлэн бий болсон байна.
1958-1962 онд соёлын ордон, зочид буудал, амбулатори /сүүлд орон сууц болсон/, польш 12 зэрэг орон сууц барилга байгууламжууд баригдсан байна.
1925 онд байгуулагдсан “Тээхийн буудал” 1949 онд Авто өртөө, 1951 онд авто тээврийн 8-р бааз болон хөгжиж, 1958 онд 2-5 давхар барилгатай 200 гаруй хүн ажилладаг “Гурил тэжээлийн үйлдвэр”сүндэрлэн боссон байна.
Тухайн үед 1000 орчим сурагчдтай 10 жилийн дунд сургууль, 370-иад сурагчтай бага сургууль, 300 гаруй хүүхэд өсөж хүмүүждэг 3 цэцэрлэг, ясль байгуулагдсан байна.
1956 онд газар зохион байгуулалтаар Булган сумыг Булган хороо болгон сумын зүүн талын 2,4-р багийг Цонхлон /Бугат/, Халиун сумдад, Орхон голын өмнөх 7,9-р багийг Бүрэгхангай суманд, Өрөмийн адгийн 8, 10-р багийг Сайхан суманд, хойд талын 5,6-р багийг Сэлэнгэ /Харгана/ суманд тус тус шилжүүлэн төвийн 1,3-р багаар Булган хороог байгуулж нутаг дэвсгэрийн хойд цэг нь Ачуутын овоо, зүүн цэг нь Мээж уул, урд цэг нь Хайлааст “Өндөр” хөтөл, Баруун цэг нь Булган хан уул болж нийт 8860 га газар нутаг эзэмших болсон.

1961-1992 ОНЫ БУЛГАН ХОТ
БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1961 оны 6-р сарын 20-ны өдрийн 136 дугаар зарлигаар Булган аймгийн төвийг “Булган хот” болгосон байна. Булган хот нь 1961-1991 оны хоорондох 30 жилд маш хурдацтай хөгжин орчин цагийн хотын нэгэн болсон байна. 1960-аад оны дунд үеээс 3 давхар 36 айлын 2 орон сууц, банкны 2 давхар, 10 жилийн дунд сургууль зэрэг олон барилгууд сүндэрлэн боссон байна. 1970 онд Хотын төв талбайд улсын баатар С.Лхагвадоржийн морьтой хөшөө босгож, төв талбайг түүний нэрэмжит болгон цардаж гэрэлтүүлэгтэй болгосон байна. 1971 оноос Буриадын Закаменск аймгийн барилагчид голын цэнгэлдэх /наадмын талбай/, Нисэх онгоцны буудал, хотын дотор 1400 м урт цардмал замтай болгосон байна.
      1979 онд Эрдэнэт-Булган-Дашинчилэнгийн радио релейний шугам тавигдаж ард түмэн зурагт радио үздэг боллоо.
      1980-аад оны эхнээс 24, 27, 36 айлын тохилог орон сууцны 5 барилга, 8-н жилийн сургууль, нэгдсэн эмнэлэг, 100, 120 хүүхдийн цэцэрлэг, барилгын контор зэрэг байгууламжууд баригдсан байна.
       БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар Булган хот болж байх үед 546 өрх, 4382 хүн амтай байсан байна.
      Засаг захиргааны хувьд хотыг 1962 онд гудамж, орон сууцны 3 хороолол, 1982 оноос 6 хороолол болгон зохион байгуулсан байна. 1970-аад оноос хорооллын айлууд өвөл, зуны дүнзэн байшин барьж суух болсон байна.
1992 ОНООС ӨНӨӨГИЙН БУЛГАН СУМ
            БНМАУ-ын /шинээр сонгогдсон/ Ардын Их Хурал 1992 онд баталсан 4 дэхь удаагийн “Шинэ Үндсэн Хууль”-ийн дагуу “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хууль батлагдан “Булган хот”-ыг, “Булган сум” болгон дахин зохион байгуулж Булган аймгийн төвийн орон сууц, гудамжны 6 хороог 4 баг болгон Засаг дарга нарыг сонгосон байна.
            Булган сум нь өнөөдрийн байдлаар засаг захиргааны анхан шатны нэгжийн 6 багтай, 12408 хүн амтай, 3299 өрхтэй, нутгийн өөрөө удирдах байгууллага сумын ИТХ-ын 31 төлөөлөгч, 3 орон тооны ажилтантай, нутгийн захиргааны байгууллага буюу ЗДТГ-т 37 ажилтан ажилладаг. Үүнээс улс төрийн албан хаагч 8, төрийн захиргааны албан хаагч 13, төрийн үйлчилгээний албан хаагч 16 байна.
            ХАА, Газар тариалан
Булган сум нь 67916 толгой малтай, үүнээс адуу 3677, үхэр 7190, хонь 33541, ямаа 23508 байна. ХАА-н эдэлбэр газар 2174 га бөгөөд хүнсний ногоо, тариалангийн 123 га талбай байдаг. Жилд дунджаар 871 тн төмс, 329 тн хүнсний ногоо хураан авдаг бөгөөд сумын хэмжээгээр 4500 тн хадлан бэлтгэдэг байна.
Аж ахуйн нэгж байгууллага
Булган сумын хэмжээнд 284 аж ахуйн нэгж, байгууллага ажиллаж байгаагаас ХК 4, ХХК 137, Хоршоо 15, ТӨҮГ 2, салбар 27, төсөвт байгууллага 51, ТББ 12, шашны байгууллага 4, ОНБ 20 үйл ажиллагаа явуулдаг байна. Тухайлбал: “Булган мээж” , “Булган АЗЗАН” төрийн өмчит компаниуд, “Гурил тэжээл-Булган” ХК, “Булган спирт” ХХК, “Ажнай цэгц”, “Шинэ тэнгис”, “Баяндаш хайрхан”, “Булган-Анар” зэрэг компаниудын үйл ажиллагаа жил бүр өргөжиж байна.
Шинжлэх ухаан, боловсрол
Булган суманд Чин Ван Ханддоржийн нэрэмжит Эрдмийн өргөө цогцолбор сургууль, 12 жилийн 1 дүгээр сургууль, Спортын төрөлжсөн бүрэн дунд сургуулиудад 2945 гаруй суралцагч, 216 багш ажиллагсад ажиллаж байна.
Сургуулийн өмнөх боловсрол олгох 6 цэцэрлэгт 750 гаруй хүүхэд хүмүүжиж 80 гаруй багш ажилчид бяцхан үрсийн төлөө ажиллаж байна.
Мөн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, ХАА-н МСҮТ-үүд үйл ажиллагаа явуулж мэргэжилтэй ажилтан бэлтгэх үйл ажиллагааг зохион байгуулж байна. Сүүлийн жилүүдэд сумын 4-р цэцэрлэг /Улсын тэргүүний цэцэрлэг/, Эрдмийн өргөө цогцолбор сургууль “Улсын тэргүүний сургууль”-иар тус тус шалгарсан байна.
Эрүүл мэнд
Эрүүл мэндийн салбарт нийт 77 их эмч, эмнэлгийн дунд мэргэжилтэн 137, ажилтан албан хаагчид 72 хүн ажиллаж байна. Аймгийн нэгдсэн эмнэлэг нь 143 ортой.
Булган суманд аймгийн Нэгдсэн эмнэлэг, өрхийн 2 эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн 4 эмнэлэг, 5 эмийн сан үйл ажиллагаа явуулж ард иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай хүргэж байна.
Зам тээвэр, холбоо, мэдээлэл харилцаа
Булган сумын төв нь 11,6 км асфальтан замтай бөгөөд ЭР-БУ-Уньтийн чиглэлийн засмал зам дайран өнгөрдөг дэд бүтцийн хувьд тааламжтай сум юм. Сумын төвд таксийн үйлчилгээний “Булган хурд”, “АШЗ” зэрэг компаниуд 50 гаруй таксигаар иргэдэд үйлчилдэг байна.
Суманд харилцаа холбооны Мобиком, Скайтель, Юнитель, Жи мобайль зэрэг үүрэн телефонууд, МЦХолбоо компаний суурин холбоо үйл ажиллагаа явуулж байна. Мэдээллийн салбар сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж Сайхан Монгол тв, Ард тв, Сансар катв, Мэдээлэл катв, Сайхан Монгол радио 107.1, Арга билэг 106.1 зэрэг радио ажиллаж сумын иргэдэд мэдээлэл, дуу хөгжмийг хүргэж байна.
Аялал жуулчлал, түүхийн дурсгалт газрууд
Булган суманд аялал жуулчлал, байгалийн үзэсгэлэнт газар, амралт чөлөөт цагийг өнгөрүүлэх “Анаг тур”, “Хангай дисковери”, “Булган хаус” зэрэг томоохон амралт, аялал жуулчлалын баазууд ажиллаж байна.
Булган сумын ойролцоо Хүн чулууний хөшөө, Монголд алдартай “Цагаан суварга”, Хатанбаатар Магсаржавын бунхан, Диваажин сүм болон Булган аймгийн алдартангуудын хөшөө баримал, дурсгалт газрууд байна.
1992 оноос өнөөг хүртэл Булган суманд албан байгууллага, худалдаа үйлчилгээ, спорт ордон, соёлын төв, сургуулийн өргөтгөл зэрэг олон барилга байгууламжууд нэмэгдэж баригдсан байна. Тухайлбал: Боловсрол соёлын газар, Хүнс Хөдөө Аж Ахуй Жижиг дунд үйлдвэрийн газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, Татварын хэлтэс, Булган АЗЗА төрийн өмчит компани, Онцгой байдлын газар, Эрдмийн өргөө цогцолбор сургууль, Хас банк, ALL MART, Булган Анар, Булган спиртний үйлдвэр, Төрийн банк, Хаанбанк, Номын титэм зэрэг байгууллага, үйлдвэрлэл, үйлчилгээний газруудаас гадна Спортын ордон, Цогт хунтайжын гэрэлт хөшөө бүхий талбай, сумын Соёлын ордон зэрэг иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх барилга байгууламжууд баригдаж ашиглалтанд орсон байна.
 
БУЛГАН ХОТЫН ИРГЭН, БУЛГАН ХОТООР ОВОГЛОСОН
АЛДАРТАН ГАВЪЯАТНУУД

  1. БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар, Гавъяат барилгачин-Даваасамбуугийн Дагвасамбуу
  2. БНМАУ-ын гавъяат багш-Гомбын Сүрэн
  3. БНМАУ-ын гавъяат жүжигчин Дашбалдангийн Пүрэвсүрэн
  4. БНМАУ-ын гавъяат тээвэрчин-Цэрэнжамцын Ямааранз
  5. БНМАУ-ын гавъяат жүжигчин Бадарчийн Саранчимэг
  6. БНМАУ-ын хүний гавъяат эмч-Ц.Цэрэндорж
  7. Нийтийн аж ахуйн үйлчилгээний гавъяат ажилтан-Ш.Долгор
  8. Соёлын гавъяат зүтгэлтэн доктор, профессор-Дондогийн Дагвадорж
  9. БНМАУ-ын гавъяат барилгачин-М.Могойтар
  10. Соёлын гавъяат зүтгэлтэн-Жамцын Нанзадсүрэн
  11. Монгол улсын гавъяат багш-Шинэнгийн Энхтуяа
  12. Монгол улсын гавъяат багш-Шаравын Шийтэр
  13. Монгол улсын гавъяат жүжигчин-Банзарын Баасанжав
  14. Монгол улсын гавъяат багш-Даваасүрэнгийн Ганчимэг
  15. Монгол улсын гавъяат багш-Жамцын Баасанжав
  16. Монгол улсын хүний гавъяат эмч-Дамбын Лхагвасүрэн
  17. Монгол улсын хүний гавъяат эмч-Жамцын Хишигсүрэн
  18. Монгол улсын гавъяат жүжигчин-Жанчивын Гантөмөр
  19. Монгол улсын гавьяат жүжигчин-Сандагийн Очирбат
  20. Монгол улсын гавъяат багш-Цэндсүрэнгийн Гомбожав
  21. Монгол улсын гавъяат багш-Гомбосүрэнгийн Лхагвасүрэн
  22. Монгол улсын гавъяат дасгалжуулагч-Гомбодоржийн Баатар

БУЛГАН СУМ /ХОТ/-ЫГ УДИРДАЖ БАЙСАН УДИРДЛАГУУД
 СУМЫН ДАРГА:
  1. Шувуутын голын Гомбо-1931 онд
  2. Түмэнгийн Дэмбэрэл-1938-1939 онд
  3. Д.Орги-1939-1940 онд
  4. Д.Чойжамц-1940-1942 онд
  5. Н.Чойжамц-1942-1943 онд
  6. М.Сэмжид-1943-1946 онд
  7. Г.Пунцаг-1946-1950 онд
  8. Д.Хорлоо-1950-1956 онд
ХОРООН ДАРГА:
  1. Ж.Жагдаг-1956-1958 онд
  2. Д.Дашзэвэг-1958-1961 онд
           ХОТЫН ДАРГА:
  1. С.Лувсандорж-1961-1962 онд
  2. Ш.Цэрэндорж-1962-1964 онд
  3. Р.Лхамсүрэн-1964-1967 онд
  4. Д.Чимиддамба-1967-1968 онд
  5. Д.Дугарсүрэн-1968-1969 онд
  6. Р.Лхамсүрэн-1969-1978 онд
  7. Ж.Дашжүгдэр-1978-1987 онд
  8. С.Гонгор-1987-1990 онд
  9. Н.Дашдондог-1990-1991 онд
  10. Б.Мөнхөө-1991-1992 онд
 СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА
  1. Г.Лхагвасүрэн 1992-1996 онд /Ардын хурлын Тэргүүлэгчдийн дарга/
  2. Н.Дашдондог 1996-1999 он
  3. Т.Эрдэнэ 1999-2002 он
  4. Ч.Лхагва 2002-2004 он
  5. Т.Дорж 2004-2008 он
  6. Ч.Лхагва 2008-2012 он
  7. Б.Мөнхбаатар 2012 оноос
СУМЫН ЗАСАГ ДАРГА:
  1. Н.Дашдондог-1992-1996 онд
  2. Д.Хайдав-1996-2000 онд
  3. Р.Түнжин-2000-2004 онд
  4. М.Саруулзам-2004-2006 онд
  5. Р.Түнжин-2006-2008 онд
  6. Ж.Бадамдорж-2008-2012 онд
  7. Ө.Хүрэлбаатар 2012 оноос
СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ:
  1. Д.Хайдав-1992-1996 онд
  2. А.Ганболд-1996-1999 онд
  3. Б.Саранчимэг-1999-2000 онд
  4. Ч.Дорж-2000-2005 онд
  5. Б.Баттөгс-2005-2006 онд
  6. Д.Баасансүрэн-2006-2012 онд
  7. Б.Одхүү-2012 оноос
ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА:
  1. Р.Төмөрбаатар-1992-1994 онд
  2. Л.Ганболд-1994-1996 онд
  3. Д.Эрдмаа-1996-1997 онд
  4. Ш.Мягмаржав-1997-2000 онд
  5. Л.Зундуй-2000-2005 онд
  6. Д.Наранбаяр-2005 оноо

No comments:

Post a Comment